1.Нийтлэг үндэслэл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь Монгол Контент ХХК-ийн эзэмшиж, ажиллуулдаг “Sonsy Tickets” цахим тасалбарын платформ (https://tickets.sonsy.mn)-оор дамжуулан арга хэмжээний тасалбар захиалах, худалдан авах, цахим тасалбар ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Хэрэглэгч Платформд бүртгүүлэх, нэвтрэх, тасалбар захиалах, худалдан авах болон бусад үйлчилгээг ашигласнаар энэхүү Нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Үйлчилгээ Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явагдана.
Нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно:
- “Платформ” гэж https://tickets.sonsy.mn домэйнд байрлах “Sonsy Tickets” цахим тасалбарын платформыг;
- “Үйлчилгээ үзүүлэгч” гэж Платформыг эзэмшиж, ажиллуулдаг Монгол Контент ХХК-ийг;
- “Арга хэмжээ” гэж Платформоор тасалбар борлуулж буй тоглолт, үзвэр болон бусад үйл ажиллагааг;
- “Хэрэглэгч” гэж Платформоор дамжуулан тасалбар захиалах, худалдан авах болон цахим тасалбар ашиглаж буй этгээдийг;
- “Зохион байгуулагч” гэж Платформоор тасалбараа борлуулж буй Арга хэмжээг зохион байгуулагч иргэн, хуулийн этгээдийг;
- “Цахим тасалбар” гэж худалдан авалт баталгаажсаны дараа үүсэх QR код бүхий тасалбарыг;
- “QR код” гэж тасалбар болон нэвтрэх эрхийг цахимаар баталгаажуулах дахин давтагдашгүй кодыг.
2.Үйлчилгээ үзүүлэгч болон зохион байгуулагчийн үүрэг
Үйлчилгээ үзүүлэгч нь Зохион байгуулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр Платформоор дамжуулан Арга хэмжээний мэдээлэл байршуулах, тасалбар борлуулах, төлбөр хүлээн авах, цахим тасалбар үүсгэж Хэрэглэгчид хүргэх үйлчилгээг үзүүлнэ.
Арга хэмжээний агуулга, хөтөлбөр, зохион байгуулалт, чанар, аюулгүй байдал болон товлосон хугацаанд зохион байгуулахтай холбоотой үүргийг Зохион байгуулагч хариуцна.
Үйлчилгээ үзүүлэгч нь тасалбарын борлуулалт, төлбөр тооцоо, цахим тасалбарын системийн ажиллагаа болон Хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтыг өөрийн хариуцах хүрээнд хариуцна.
Арга хэмжээ цуцлагдах, хойшлох, эсхүл өөрчлөгдөх тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчид холбогдох мэдээллийг хүргэж, төлбөр буцаах үндэслэл үүссэн бол энэхүү Нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу буцаалтыг гүйцэтгэнэ.
3.Бүртгэл болон хэрэглэгчийн мэдээлэл
Хэрэглэгч и-мэйл хаяг болон утасны дугаараар бүртгэл үүсгэнэ.
Хэрэглэгч оруулсан мэдээллээ үнэн зөв, бүрэн байлгах үүрэгтэй.
Хэрэглэгчийн буруу, дутуу мэдээллээс шалтгаалан цахим тасалбар, төлбөрийн мэдээлэл, мэдэгдэл хүрээгүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч бүртгэлийн нэвтрэх мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг өөрөө хариуцна.
Бусдын бүртгэлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
18 насанд хүрээгүй этгээд эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр үйлчилгээ авах бөгөөд тухайн Арга хэмжээний насны ангилал болон тусгай шаардлагыг хангасан байна.
4.Тасалбар худалдан авах
Хэрэглэгч Платформд нэвтэрч, Арга хэмжээ, тасалбарын төрөл, тоо ширхгээ сонгон, захиалгын мэдээллээ шалгаж, төлбөрөө төлснөөр захиалга баталгаажиж, QR код бүхий цахим тасалбар үүснэ.
Хэрэглэгч төлбөр баталгаажуулахаас өмнө Арга хэмжээний нэр, огноо, эхлэх цаг, байршил, тасалбарын төрөл, тоо хэмжээ, үнэ, үйлчилгээний шимтгэл, нийт төлөх дүн болон тухайн Арга хэмжээний буцаалт, солилт, шилжүүлгийн тусгай нөхцөлтэй танилцаж шалгана. Төлбөрөө баталгаажуулснаар Хэрэглэгч дээрх мэдээлэл, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Нэг Хэрэглэгчийн худалдан авах боломжтой тасалбарын дээд хэмжээ нь тухайн Арга хэмжээний онцлогоос хамааран өөр байж болох бөгөөд уг хязгаарыг тасалбар худалдан авах хуудсанд урьдчилан харуулна.
Сонгосон тасалбарыг систем 10 минутын турш түр хадгална. Тухайн хугацаанд төлбөр амжилттай хийгдээгүй бол захиалга автоматаар цуцлагдаж, бусад Хэрэглэгч худалдан авах боломжтой болно.
5.Төлбөр
Платформ нь QPay, банкны карт, интернет банк, SocialPay болон бусад цахим төлбөрийн хэлбэрийг санал болгож болно. Тухайн үед идэвхтэй байгаа төлбөрийн хэлбэрийг төлбөрийн хуудсанд харуулна.
Төлбөр амжилттай баталгаажсанаар захиалга хүчин төгөлдөр болно.
Хэрэглэгчийн данснаас төлбөр суутгагдсан боловч захиалга баталгаажаагүй тохиолдолд Хэрэглэгч захиалгын дугаар, төлбөрийн баримтын хамт энэхүү Нөхцөлийн 18 дугаар зүйлд заасан холбоо барих сувгаар хүсэлт гаргана.
Банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн системээс шалтгаалсан гүйлгээний саатал, алдааг холбогдох байгууллагын шалгалт, баталгаажуулалтын дагуу шийдвэрлэнэ.
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн банкны картын дугаар, нууц код, PIN болон төлбөр баталгаажуулах бусад нууц мэдээллийг хадгалахгүй. Төлбөрийн гүйлгээг Платформд холбогдсон банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч эсхүл төлбөрийн системээр дамжуулан боловсруулна. Төлбөрийн мэдээллийн боловсруулалт, хамгаалалт нь тухайн үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөл, нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагын дагуу хэрэгжинэ.
6.Цахим тасалбар болон QR код
Төлбөр амжилттай баталгаажсаны дараа Хэрэглэгчид дахин давтагдашгүй QR код бүхий цахим тасалбар үүсч, Хэрэглэгчийн “Миний тасалбар” хэсэг болон бүртгэлтэй и-мэйл хаягт хүргэгдэнэ.
QR код нь тухайн тасалбарын нэвтрэх эрхийг баталгаажуулах зориулалттай бөгөөд зөвхөн нэг удаа ашиглагдана. Код амжилттай уншигдаж, нэвтрэх эрх баталгаажсаны дараа тасалбар “Ашигласан” төлөвт шилжинэ.
Хэрэглэгч бусад этгээдийн өмнөөс, түүнчлэн бүлэг хүнд зориулсан тасалбар худалдан авах эрхтэй бөгөөд ийнхүү худалдан авсан цахим тасалбараа Арга хэмжээнд оролцох этгээдэд шилжүүлж болно.
Тасалбарыг өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд QR кодын нууцлалыг хамгаалах, нэг тасалбарыг зөвхөн нэг хүн ашиглах үүргийг худалдан авалт хийсэн Хэрэглэгч болон тасалбарыг хүлээн авсан этгээд хариуцна.
Хэрэглэгч QR кодоо олон нийтэд байршуулах, нийгмийн сүлжээ болон бусад сувгаар нийтэд тараахыг хориглоно.
Тасалбарыг бусдад шилжүүлсний улмаас QR кодыг Арга хэмжээ эхлэхээс өмнө өөр этгээд ашигласан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд төлбөрийг буцаахгүй.
7.Арга хэмжээнд нэвтрэх
Хэрэглэгч Зохион байгуулагчийн зарласан хугацаанд Арга хэмжээний байршилд хүрэлцэн ирнэ.
Нэвтрэх үед Хэрэглэгч гар утас болон бусад төхөөрөмж дээрх QR код, эсхүл Платформоос зөвшөөрсөн өөр хэлбэрийн цахим тасалбараа үзүүлнэ.
Ажилтан эсхүл автомат төхөөрөмж QR кодыг уншиж, тасалбарын хүчинтэй байдлыг шалгана. Тасалбар хүчинтэй бол Хэрэглэгчийг нэвтрүүлнэ.
QR код уншигдахгүй тохиолдолд Хэрэглэгч тасалбарын дугаар, захиалгын мэдээлэл эсхүл бүртгэлтэй утасны дугаараар худалдан авалтаа баталгаажуулж болно.
Аюулгүй байдлыг хангах зорилгоор Зохион байгуулагч нэвтрэх хэсэгт үзлэг хийх эрхтэй. Арга хэмжээний байранд оруулахыг хориглосон эд зүйлийн жагсаалтыг тухайн Арга хэмжээний мэдээллийн хуудсанд урьдчилан зарлана.
Дараах тохиолдолд Хэрэглэгчийг нэвтрүүлэхээс татгалзаж болно:
- QR код хүчингүй эсхүл өмнө нь ашигласан;
- тасалбар хуурамч буюу өөрчлөгдсөн;
- Хэрэглэгч буруу өдөр, цаг, байршилд ирсэн;
- насны ангилал болон бусад тусгай шаардлагыг хангаагүй;
- согтууруулах ундаа, мансууруулах бодисын нөлөөнд байгаа;
- Зохион байгуулагчийн урьдчилан зарласан дотоод журмыг ноцтой зөрчсөн.
Энэ зүйлд заасан үндэслэлээр нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдолд тасалбарын төлбөрийг буцаахгүй.
8.Насны ангилал болон тусгай шаардлага
Арга хэмжээ нь насны ангилал болон бусад тусгай шаардлагатай байж болно. Тухайн шаардлагыг Арга хэмжээний мэдээллийн хуудсанд урьдчилан зарлана.
Хэрэглэгч тасалбар худалдан авахаас өмнө насны ангилал болон нэвтрэх тусгай шаардлагатай танилцах үүрэгтэй.
Зохион байгуулагч нэвтрэх үед нас болон биеийн байцаалтыг баталгаажуулах баримт бичиг шаардах эрхтэй.
9.Цуцлалт, хойшлолт болон төлбөр буцаалт
Худалдан авсан тасалбарыг энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд буцаах, солих, өөр Арга хэмжээнд шилжүүлэхгүй.
Дараах тохиолдолд Хэрэглэгчид төлбөрийг буцаана:
- Арга хэмжээ бүрэн цуцлагдсан;
- Арга хэмжээний огноо, цаг, байршил мэдэгдэхүйц өөрчлөгдөж, Хэрэглэгч оролцох боломжгүй болсон;
- давхар захиалга, төлбөрийн давхардал зэрэг Платформын техникийн алдаа гарсан;
- хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бий болсон.
Арга хэмжээ хойшилсон тохиолдолд худалдан авсан тасалбар шинэ огноонд хүчинтэй байна.
Төлбөр буцаах үндэслэл бүрдсэн тохиолдолд буцаалтыг тухайн Арга хэмжээний буцаалтын нөхцөл болон энэхүү Нөхцөлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Арга хэмжээг товлосон хугацаанд явуулах боломжгүй бол Зохион байгуулагч Арга хэмжээг цуцлах, хойшлуулах эсхүл хуульд нийцсэн бусад шийдвэр гаргаж, Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчид боломжит сувгаар шуурхай мэдээлнэ. Буцаалтыг тухайн шийдвэр болон хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэнэ.
Зохион байгуулагч Арга хэмжээний хөтөлбөр, уран бүтээлч, оролцогч, танхим, суудлын байршилд өөрчлөлт оруулж болно. Хэрэглэгчийн эрх ашигт мэдэгдэхүйц нөлөөлөх өөрчлөлтийг боломжит сувгаар мэдээлнэ. Хэрэглэгчийн эрх ашигт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй хөтөлбөр болон оролцогчийн бүрэлдэхүүний өөрчлөлт нь дангаараа төлбөр буцаах үндэслэл болохгүй.
10.Хэрэглэгчийн үүрэг, хориглох үйлдэл
Хэрэглэгч Платформыг хууль ёсны зориулалтаар ашиглана.
Хэрэглэгчид дараах үйлдлийг хориглоно:
- хуурамч бүртгэл үүсгэх, бусдын бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх;
- хуурамч төлбөр хийх, төлбөрийн залилан үйлдэх;
- QR кодыг хуулбарлах, өөрчлөх, хуурамчаар үүсгэх;
- системийн хэвийн ажиллагаанд саад учруулах;
- автомат програм, бот ашиглан тасалбар захиалах;
- Арга хэмжээний мэдээллийн хуудсанд урьдчилан зарласан тасалбарын тооны хязгаарыг олон бүртгэл эсхүл автомат хэрэгсэл ашиглан давах;
- тасалбарыг Зохион байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор дамлан худалдах;
- Платформын мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлан арилжааны зорилгоор ашиглах.
Зөрчил илэрсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч захиалгыг цуцлах, тасалбарыг хүчингүй болгох, бүртгэлийг түдгэлзүүлэх болон хуульд нийцүүлэн бусад арга хэмжээ авах эрхтэй.
Энэ зүйлд заасан зөрчлийн улмаас цуцлагдсан захиалгын төлбөрийг буцаахгүй.
11.Хувийн мэдээллийн хамгаалалт
Үйлчилгээ үзүүлэгч нь Платформоор үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай болон Хэрэглэгчийн зөвшөөрсөн хүрээнд нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, захиалга, төлбөрийн гүйлгээний лавлагаа, тасалбар ашигласан түүх зэрэг мэдээллийг цуглуулж, боловсруулж болно.
Мэдээллийг бүртгэл үүсгэх, захиалга боловсруулах, төлбөр баталгаажуулах, цахим тасалбар хүргэх, үйлчилгээний мэдэгдэл хүргэх, санал гомдол шийдвэрлэх, залилан болон аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх зорилгоор ашиглана.
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн шаардлагатай хүрээнд дараах этгээдэд дамжуулж болно: төлбөр боловсруулах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид; тасалбар баталгаажуулах, нэвтрэх хяналт хийх зорилгоор Зохион байгуулагчид; хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад. Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн мэдээллийг худалдахгүй.
Хэрэглэгчийн мэдээлэл зөвшөөрөлгүй задрах, алдагдах тохиолдол гарвал Үйлчилгээ үзүүлэгч холбогдох Хэрэглэгч болон эрх бүхий байгууллагад хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.
Хувийн мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй зохицуулалтыг Платформын “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
12.Системийн ажиллагаа
Үйлчилгээ үзүүлэгч нь Платформын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахад шаардлагатай арга хэмжээг авна.
Сервер, сүлжээ, банк болон гуравдагч талын системийн доголдол, төлөвлөгөөт засвар үйлчилгээ, интернетийн үйлчилгээний саатал болон Үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуурх бусад нөхцөлийн улмаас үйлчилгээ түр хугацаанд доголдож болно.
Системийн алдаанаас шалтгаалан давхар захиалга үүссэн болон бусад техникийн алдаа гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчтэй холбогдож, захиалгыг засах, өөр тасалбар санал болгох эсхүл төлбөрийг бүрэн буцаана.
13.Хариуцлага
Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Үйлчилгээ үзүүлэгчийн хүлээх хариуцлага нь тухайн маргаантай захиалгатай шууд холбоотой бодит хохирлоор хязгаарлагдана.
Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд үүссэнээс бусад тохиолдолд Хэрэглэгчид учирсан шууд бус болон дагалдах хохирол, тухайлбал алдагдсан боломж, тээврийн болон бусад нэмэлт зардлыг хариуцахгүй.
Хэрэглэгчийн санаатай болон хайхрамжгүй үйлдэл, тухайлбал QR кодоо хамааралгүй этгээдэд дамжуулах, буруу мэдээлэл оруулах, бүртгэлээ бусдад ашиглуулснаас үүссэн үр дагаврыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
Энэ зүйлийн аль ч заалт Хэрэглэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
14.Оюуны өмч, зураг болон дүрс бичлэг
Платформын программ хангамж, дизайн, лого, текст, график, мэдээллийн сан болон бусад контентын оюуны өмчийн эрх нь Үйлчилгээ үзүүлэгч болон холбогдох эрх эзэмшигчид хадгалагдана. Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх, тараах, арилжааны зориулалтаар ашиглахыг хориглоно.
Хэрэглэгч Зохион байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр Арга хэмжээг мэргэжлийн хэрэгслээр бичих, шууд дамжуулах, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
15.Санал, хүсэлт, гомдол
Хэрэглэгч санал, хүсэлт, гомдлоо энэхүү Нөхцөлийн 18 дугаар зүйлд заасан холбоо барих сувгаар гаргана.
Үйлчилгээ үзүүлэгч санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, ажлын 2 өдрийн дотор хариу өгнө.
Шаардлагатай тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчээс захиалгын дугаар, төлбөрийн баримт болон асуудлыг тодруулах бусад мэдээллийг шаардаж болно.
16.Маргаан шийдвэрлэх
Үйлчилгээтэй холбоотой маргааныг эхний ээлжид талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харьяалах эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
17.Нөхцөлд өөрчлөлт оруулах
Үйлчилгээ, технологи болон хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбогдуулан Үйлчилгээ үзүүлэгч энэхүү Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
Хэрэглэгчийн эрх, үүрэгт мэдэгдэхүйц нөлөөлөх өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө Платформд нийтэлж, шаардлагатай тохиолдолд бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдэнэ.
Нөхцөлийн хувилбар бүрт хүчин төгөлдөр болсон огноог тодорхой заана. Худалдан авалт хийгдэх үед хүчин төгөлдөр байсан Нөхцөл тухайн худалдан авалтад хамаарна.
18.Холбоо барих
Үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлэл:
- Үйлчилгээ үзүүлэгч
- Монгол Контент ХХК
- Хаяг
- Монгол Улс, Улаанбаатар хот 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж 28, МПМ Цогцолбор
- Утас
- +976 7555 3131
- И-мэйл
- contact@mongolcontent.mn
- Веб сайт
- https://mongolcontent.mn
- Ажиллах цаг
- Даваа–Баасан, 09:00–18:00